АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Монгол Улсын хууль · 6 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйл2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ нь тайлант хугацаанд түрээсийн орлогод ногдуулсан албан татвараас их байвал илүү гарсан хэсгийг татварын хөөн хэлэлцэх хугацаанд багтаан дараагийн тайлант хугацаанд шилжүүлэн эдэлж болно.
- 2 дугаар зүйлАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй.
- 3 дугаар зүйлГадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа албан татвар төлөгчийн хувьд уг ажилтай холбоотой олсон орлогод энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан чөлөөлөлт хамаарахгүй.
- 4 дугаар зүйлЭнэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
- 5 дугаар зүйлАлбан татвар төлөгч энэ хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх эрхтэй.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.