15 дугаар зүйл. Мэдээлэл авах эрх
15.1.Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах;
15.1.2.шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, аливаа эд зүйлстэй үнэ төлбөргүйгээр танилцах;
15.1.3.шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, түүний эх код, цахим мэдээллийн сан, лог бүртгэлд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан мэдээлэл, баримт бичигтэй танилцах, уг мэдээлэл, баримт бичгийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах;
15.1.4.шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчаас тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах;
15.1.5.энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах.
15.2.Энэ хуулийн 6.4-т зааснаас бусад тохиолдолд төрийн аудитын байгууллага аудит хийхдээ зөвхөн Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний эрх олгосон төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл, баримт бичиг, түүнчлэн шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл, баримт бичгийн зөвхөн тухайн харилцаатай холбогдох хэсэгтэй хуульд заасан журмын дагуу танилцах, хэвлэх, олшруулж авах эрхтэй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.3.Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл, баримт бичигтэй танилцсан төрийн аудитын байгууллагын албан хаагч уг мэдээлэл, баримт бичгийг холбогдох хуульд заасны дагуу нууцлах үүрэг хүлээнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.4.Энэ хуулийн 15.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, аудитад шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг нуун дарагдуулахыг хориглоно.
15.5.Төрийн аудитын байгууллагын мэдээлэл авах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.