30 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, огцруулах
30.1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
30.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
30.1.2.албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;
30.1.3.биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
30.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх авсан;
30.1.5.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуульд заасны дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;
30.1.6.иргэний эрх зүйн чадамжийг нь хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
30.1.7.нас барсан, эсхүл нас барсан болон сураггүй алга болсонд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
30.2.Монгол Улсын Ерөнхий аудиторыг дараах тохиолдолд албан тушаалаас нь огцруулна:
30.2.1.хуулиар хориглосон ажил, албан тушаалыг давхар эрхэлсэн;
30.2.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;
30.2.3.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.