4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."төрийн санхүү, төсвийн хяналт" гэж төрийн санхүү, төсөв, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, зээллэг, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, өрийн баталгаа, үнэт цаас, бүх төрлийн гэрээ, хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийхийг;
4.1.2."нийтийн өмч" гэж нийтийн ашиг сонирхлын төлөө ашиглагдах иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, ус, ургамал, ан амьтны нөөц, эрдэнэсийн сан, төсвийн орлого, нийтийн болон тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчид хамаарах эдийн болон эдийн бус хөрөнгө, хуулиар нийтийн зориулалтаар ашиглах өмчид хамаарах бусад хөрөнгийг;
4.1.3."төрийн аудитын байгууллага" гэж төрийн аудит хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газар, төрийн аудитын байгууллагын албан хаагчийг;
4.1.4."шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг;
Тайлбар:-Энэ заалтын "аливаа этгээд" гэснийг шалгагдагч этгээд тэдгээрийн холбогдох албан тушаалтныг ойлгоно.
4.1.5."аудитад хамрагдагч" гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг;
4.1.6."аудитын тайлан" гэж аудитын төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын дүнг илтгэсэн, эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан баримт бичгийг;
4.1.7."аудитын төлөвлөгөө" гэж аудит хийх үндэслэл, аудитын зорилт, хамрах хүрээ, арга зүй, цаг хугацаа, хөтөлбөрийг багтаасан эрх бүхий этгээдийн баталсан баримт бичгийг;
4.1.8."санхүүгийн тайлангийн аудит" гэж шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг;
4.1.9."гүйцэтгэлийн аудит" гэж шалгагдагч этгээдийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үйл явц, үр дүн, гүйцэтгэлд аудит хийхийг;
4.1.10."нийцлийн аудит" гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийхийг;
4.1.11."аудитын хуулийн этгээд" гэж Аудитын тухай хуулийн 3.1.4-т заасныг;
4.1.12."лог бүртгэл" гэж хэрэглэгч программд нэвтэрсэн, үйлдэл хийсэн, өөрчлөлт хийсэн, өөрчлөлт хийхийг завдсан үйлдлийн түүхийг;
4.1.13."нөлөөллийн мэдүүлэг" гэж аудит хийх явцад тухайн аудитын үр дүнтэй холбогдуулан төрийн аудитын байгууллагад аливаа этгээдээс зүй бусаар нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг.