41 дугаар зүйл. Нийгмийн баталгаа
41.1.Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн албаны хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, мөнгөн урамшуулал, тэтгэмж авах, орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.
41.2.Төрийн аудитын байгууллагын албан хаагч энэ хуулийн 41.1-д зааснаас гадна дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана:
41.2.1.албан үүргээ хэрэгжүүлэх явцад хот, суурингийн дотор нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд гарсан зардлыг Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан журмын дагуу төрийн аудитын байгууллагын төсвийн хөрөнгөөс нөхөн олгох;
41.2.2.албан үүргээ хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.2.3.албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн гэр бүлд нь олгох.
41.3.Энэ хуулийн 41.2.2, 41.2.3-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
БУСАД ЗҮЙЛ