8 дугаар зүйл. Санхүүгийн тайлангийн аудит
8.1.Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ.
8.2.Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно.
8.3.Төрийн аудитын байгууллага Улсын Их Хурлын зөвхөн санхүүгийн тайланд аудит хийнэ.
8.4.Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
8.5.Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 8.4-т заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийхдээ төрийн аудитын байгууллагаас баталсан дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллана.
8.6.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудит хийхэд гарсан шууд ба шууд бус зардлыг нөхөх зорилгоор шалгагдагч этгээдээс аудитын үйлчилгээний төлбөр авна. Аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг Монгол Улсын Ерөнхий аудиторын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, холбогдох байгууллагуудын төсөвт тусгана.
8.7.Энэ хуулийн 8.4-т заасан аудитын хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулах бөгөөд аудитын хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.
8.8.Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн аудитын үр дүнг төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрэх үр дүнгийн үзүүлэлттэй харьцуулан тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./