13 дугаар зүйл. Үндэсний архивын сан хөмрөгийн тоо бүртгэл
13.1.Үндэсний архивын сан хөмрөгийн баримт болон архивын хосгүй үнэт, нэн үнэт, үнэт баримтыг салбарын харьяалал, өмчийн хэлбэр, мэдээлэл агуулагчийн төрөл, хадгалагдаж байгаа байршлаас үл хамааран тэдгээрт улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлнө.
13.2.Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөхөд энэ хуулийн 15.6.5-д заасан журмыг баримтална.
13.3.Төрийн архив нь архивын сан хөмрөгийн баримтад зургаан жил тутам нэгдсэн тооллого явуулж, тооллогын дүн мэдээг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
13.4.Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах баримтыг хадгалж байгаа төрийн архив нь эдгээр баримтад тоо бүртгэл хөтөлж, энэ хуулийн 13.2-т заасан журмын дагуу мэдээ, тайланг гаргаж ирүүлнэ.
13.5.Энэ хуулийн 13.3-т заасан нэгдсэн тооллого явуулах журмыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
13.6.Байгууллагын архивт хадгалагдаж байгаа баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, баримтын хадгалалт, өөрчлөлт, хөдөлгөөнийг байгууллагын архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээнд тухайн жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тусгаж харьяалах төрийн архивт 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүргүүлнэ.
13.7.Төрийн архив энэ хуулийн 13.1-д заасан улсын нэгдсэн тоо бүртгэлд орох баримтын мэдээллийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор тоо бүртгэл, мэдээллийн санд оруулах бөгөөд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./