16 дугаар зүйл. Төрийн архив
16.1.Үндэсний төв архив баримтын төрөл зүйл, өмчийн хэлбэр, салбарын хамаарал, нутаг дэвсгэрийн харьяаллаас үл хамааран архивын баримтыг байнга хадгалах бөгөөд төрийн өмчид хамаарах хосгүй үнэт баримтыг улсын хэмжээнд төвлөрүүлж хадгална.
16.2.Төрөлжсөн архив ашигт малтмал, геологи хайгуул, уул уурхай, газрын харилцаа, геодези, зураг зүй, байгаль орчин, ус цаг уур, улсын бүртгэлийн зэрэг тухайн салбар, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлээр хөмрөгийн зохион байгуулалт болон бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалт, тоо бүртгэлийн хувьд онцлог бүхий баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалах бөгөөд тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтцэд ажиллана.
16.3.Тусгай архив шүүх, прокурор, гадаад харилцаа, батлан хамгаалах, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын хил хамгаалах байгууллагын бүтцэд ажиллах бөгөөд хэрэг маргаан хянан шийдвэрлэх, батлан хамгаалах, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, улсын хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд холбогдох баримт бичгийн эх хувийг төвлөрүүлж байнга хадгална.
16.4.Аймаг, нийслэлийн архив нь аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны агентлагийн эрх хэмжээтэй ажиллаж, тухайн орон нутгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиг үүргийг хэрэгжүүлж, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах архивын баримтыг төвлөрүүлж байнга хадгална. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.5.Үндэсний төв архив, нийслэлийн архив нь салбар архивтай байж болно.
16.6.Салбар архивын үйл ажиллагааг энэ хуулийн 15.6.2-т заасан журмаар зохицуулна.