19 дугаар зүйл. Төрийн архивыг харьяалах байгууллагын чиг үүрэг, төрийн архивын удирдлагыг томилох, чөлөөлөх
19.1.Төрийн архивын талаар тухайн архивыг харьяалж байгаа төрийн байгууллагын удирдлага дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
19.1.1.архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, архивын ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
19.1.2.архивт шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийг шийдвэрлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
19.1.3.архивын баримтыг зориулалтын байр, тавиур, шүүгээнд холбогдох журам, стандартын дагуу хадгалах нөхцөл бүрдүүлэх;
19.1.4.архивын баримтын эх хувьд аливаа засвар, өөрчлөлт оруулахгүй байхад хяналт тавих.
19.2.Үндэсний төв архивын даргыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
19.3.Аймаг, нийслэлийн архивын даргыг тухайн шатны Засаг дарга архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлнө.
19.4.Төрөлжсөн болон тусгай архивын даргыг тухайн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын удирдлага архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлнө.
19.5.Үндэсний төв архивын салбар архивын даргыг тухайн архивыг харьяалах байгууллагын удирдлага архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай, нийслэлийн архивын салбар архивын даргыг тухайн архивыг харьяалах байгууллагын удирдлага нийслэлийн архивтай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлнө.