30 дугаар зүйл. Архивын баримтын ашиглалт

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Архивын баримтын ашиглалт

30.1.Хүн, хуулийн этгээд архивын баримтыг дараах хэлбэрээр ашиглах эрхтэй:

30.1.1.архивын баримтаас лавлагаа авах;

30.1.2.архивын баримтын хуулбар авах;

30.1.3.уншлагын танхимд үзэж судлах.

30.2.Хүн, хуулийн этгээд архивын баримтыг ашиглахдаа дараах үүрэг хүлээнэ:

30.2.1.архивын баримтыг ашиглахдаа засвар тэмдэглэгээ хийхгүй, бохирдуулахгүй, гэмтэл учруулахгүй байх;

30.2.2.архивын баримтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх;

30.2.3.архивын баримтыг ашиглах чиглэлээр тогтоосон журмыг даган мөрдөх.

30.3.Төрийн архивын баримтыг судалгааны ном, бүтээлд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэхдээ тэдгээрийн архивын зүйл дугаарыг номын эшлэлд дурдах бөгөөд энэ тохиолдолд архивт хадгалагдаж байгаа эх хувьтай нь тулгаж хянасан байна.

30.4.Архивын баримтыг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах нийтлэг журам, архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

30.5.Төрийн архивын баримтыг хүн, хуулийн этгээд ашиглахдаа энэ хуулийн 30.4-т заасан жуpам, үнэлгээний дагуу үйлчилгээний хөлс төлнө.

30.6.Төрийн архив нь төлбөрийн чадваргүй, эсхүл аюул осолд өртсөн иргэний тэтгэвэр, тэтгэмж, төрөөс олгох нөхөн олговортой холбогдох лавлагааг үнэ төлбөргүй олгоно.

30.7.Төрийн архивт шилжүүлсэн баримтаа хүн, хуулийн этгээд үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

30.8.Төрийн архивт гэрээний дагуу хадгалуулсан баримтыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу бусдад ашиглуулна.

30.9.Архивын баримтын лавлагааг эх баримтын адил хүчинтэй гэж тооцно.

30.10.Хосгүй үнэт, нэн үнэт баримт, хүн амын тооллогын холбогдолтой баримтыг нийтэд эх хувиар нь ашиглуулахгүй, цахим хэлбэрт оруулсан ашиглалтын хувиар үйлчилнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.