13 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх

13.1.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

13.2.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг Засгийн газар санаачилна.

13.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авсан байна. Санал авах ажлыг харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцан зохион байгуулах бөгөөд санал авах журмыг Улсын Их Хурал тогтооно. Санал хураалтад сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлын дүнг хүчинтэйд тооцно.

13.4.Багийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын байршил, өрхийн тоо, уламжлал, эрхлэх аж ахуй, зам харилцааны онцлогийг харгалзан аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

13.5.Хороог өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, иргэдэд хуульд заасан үйлчилгээг хүргэх боломжийг харгалзан нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

13.6.Баг, хороог өөрчлөхдөө тухайн баг, хорооны иргэдийн саналыг авах болон санал авах ажлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.

13.7.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг санаачлахдаа иргэдэд өмнө нь үзүүлж байсан үйлчилгээг дордуулахгүй байх зарчмыг баримтална.

13.8.Ээлжит сонгууль явуулахаас өмнөх нэг жилийн дотор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.