56 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

56.1.Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.

56.2.Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

56.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

56.3.1.дээд боловсролтой;

56.3.2.төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;

56.3.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

56.3.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

56.3.5.ялгүй байх.

56.4.Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

56.4.4.ялгүй байх.

56.5.Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:

56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;

56.5.3.хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;

56.5.4.нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх.

56.6.Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.

56.7.Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно.

56.8.Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

56.9.Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.