58 дугаар зүйл. Багийн Засаг даргын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

58 дугаар зүйл. Багийн Засаг даргын бүрэн эрх

58.1.Багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

58.1.1.хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;

58.1.2.багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

58.1.3.сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;

58.1.4.асрамж, халамж шаардлагатай иргэнийг асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сумын Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

58.1.5.нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн халамж, үйлчилгээг зохион байгуулах;

58.1.6.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах, хуульд заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

58.1.7.хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх;

58.1.8.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;

58.1.9.байгалийн баялгийг ашиглах, хууль тогтоомжийн биелэлтэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих;

58.1.10.гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

58.1.11.иргэнийг шагнаж урамшуулах, иргэнд дэмжлэг, тусламж үзүүлэх тухай саналыг сумын Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

58.1.12.сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

58.1.13.бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалтын ажлыг зохион байгуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.