19 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх,танилцуулах, хүргүүлэх

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх,танилцуулах, хүргүүлэх

19.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

19.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс нь тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэрийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн бүртгэлтэй тулган шалгаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 19.4-т заасан цахим хуудсанд байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

19.6.Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.6.1.Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

19.6.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

19.6.3.хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг;

19.6.4.хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг;

19.6.5.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг;

19.6.6.цагдаагийн төв байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг;

19.6.7.гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг.

19.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6.1, 19.6.2, 19.6.3-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр "Тайлбар" хэсэгт "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.

19.8.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хамаарч байгаа сонгуулийн хэсэгт саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгогчийг нэмж бүртгэн байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна.

19.9.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:

19.9.1.сонгогчоос энэ хуулийн 19.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

19.9.2.энэ хуулийн 25.1-д заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;

19.9.3.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, иргэний бүртгэлийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.9.4.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

19.9.5.энэ хуулийн 19.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.

19.10.Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж, сонгогчдод өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.

19.11.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 19.9.1, 19.9.3, 19.9.4 дэх заалт, 20, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

19.12.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

19.13.Сонгогчдын нэрийн жагсаалт зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалт шинээр үйлдэх, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

19.14.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.

19.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.16.Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хувилж олшруулах, тараахыг хориглоно.

19.17.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах журам болон маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална.

19.18.Энэ хуулийн 19.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллага энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

19.19.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан үйл ажиллагааны талаарх мэдээллийг энэ хуулийн 19.4, 19.9, 20.10, 23.2-т заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

19.20.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.