32 дугаар зүйл. Сонгууль эрхэлсэн байгууллага

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Сонгууль эрхэлсэн байгууллага

32.1.Нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна.

32.2.Сонгууль эрхэлсэн байгууллагыг дараах этгээд удирдан энэ хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулна:

32.2.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны намын дарга, эсхүл нэр дэвшигчийн итгэмжлэл олгосон менежер; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.2.2.улсын хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон ерөнхий менежер.

32.3.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд намын дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

32.4.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 200 хүртэл, нийслэлд 100 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

32.5.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг тус бүрд нэг менежер, баг, хороо тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Хэрэв тухайн аймаг, дүүргийн сонгогчийн тоог 200-д хуваасны үлдэгдэл нь 200-аас доош, 100-аас дээш бол тэдгээр сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.6.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүрэг, хорооны хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

32.7.Нэр дэвшигчийн ерөнхий менежерийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.8.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.