36 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

36.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

36.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

36.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

36.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

36.2.Ухуулах хуудсыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 36.2-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.4.Ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна энэ хуулийн 36.2-т заасны дагуу тогтоосон байршил дахь нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шонд үнэ төлбөргүй байрлуулж болно.

36.5.Ухуулах хуудас нь нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.

36.6."Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

36.7.Төрийн улс төрийн албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох ба үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.

36.8.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

36.9.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан нэр дэвшигчийн ухуулах хуудсыг гэмтээх, устгахыг хориглоно.

36.10.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сонгуулийн сурталчилгааны материал энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан хэмжээнд хамаарна.

36.11.Энэ хуулийн 34.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санал авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.