46 дугаар зүйл. Сонгуулийн зардлын данс

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Сонгуулийн зардлын данс

46.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.

46.2.Нам нь аймаг, сум, нийслэл, дүүрэгт салбартай бол тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт сонгуулийн зардлын данс нээлгэж болох бөгөөд уг дансанд хандив авахыг хориглоно. Эвслийн тухайд аймаг, нийслэл сум, дүүрэгт давхардсан данстай байж болохгүй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

46.3.Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн нам, эвсэл нь сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.

46.4.Нам, эвсэл нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 13-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.

46.5.Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй.

46.6.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хугацаанд сонгуулийн зардлын дансаа битүүмжлүүлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.

46.7.Сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн хамт банканд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг нээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.