55 дугаар зүйл. Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хамгаалах, хадгалах
55.1.Сонгуулийн ерөнхий хороо улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн баталж, үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр баталж, хэвлүүлнэ.
55.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
55.3.Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын байгууллага хяналт тавьж ажиллана. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
55.4.Саналын хуудас нь санал авах өдөр хүртэл, санал авч эхэлснээс хойш санал тоолж дуусах хүртэл, санал авах ажиллагаа дууссанаас хойш холбогдох журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад байна.
55.5.Санал хураалт дууссаны дараа саналын хуудсанд агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн архивт хадгална.
55.6.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан нээж болно.
55.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж, мөрдүүлнэ.