63 дугаар зүйл. Сонгууль ажиглах
63.1.Нэр дэвшигч нэг санал авах байранд гурав хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид "ажиглагч" гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй бөгөөд энэ эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
63.2.Ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
63.3.Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.
63.4.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагч нь ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
63.5.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглаж болно.
63.6.Сонгууль ажиглах журам, түүнд холбогдох маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
63.7.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.
63.8.Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.
63.9.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.
63.10.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.
63.11.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол ажиглагч томилсон этгээд түүний оронд өөр хүнийг томилох эрхгүй.
63.12.Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангах бөгөөд санал авах байранд нэр дэвшигч бүрийн нэг ажиглагч байна.
63.13.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй.
63.14.Энэ хуулийн 63.13-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.