66 дугаар зүйл. Санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах
66.1.Сонгуулийн санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид "Мэдээллийн технологийн төв" гэх/, ажлын хэсэг, мэдээллийн технологийн баг, даамлууд хариуцан ажиллана.
66.2.Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
66.3.Сургалт явуулах, гэрчилгээ олгох тухай журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
66.4.Санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа даамал нь гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна:
66.4.1.мэдээллийн технологийн багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах, боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах, санал тоолох нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах;
66.4.2.санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд хэсгийн хорооны зөвшөөрлөөр саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгэх;
66.4.3.санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллагаанд шилжсэний дараа саналын хайрцгийн нөөц тасалгаан дахь саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулах.
66.5.Даамал нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно.