68 дугаар зүйл. Санал хураалтын дүн гаргах, дамжуулах
68.1.Мэдээллийн технологийн даамал санал авах ажиллагаа дуусмагц дараах ажиллагааг гүйцэтгэнэ:
68.1.1.санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг шаардлагатай тоогоор хэвлэж, хэсгийн хороонд өгөх;
68.1.2.санал хураалтын дүнг энэ хуулийн 68.5-д заасан хэсгийн хорооны ажиллагаанаас хамаарахгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй дамжуулах.
68.2.Санал авах ажиллагааны хуулиар тогтоосон цаг дуусаагүй байхад санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг хэвлэж гаргахыг хориглоно.
68.3.Санал хураалтын дүнг дамжуулахгүй байх, саатуулах, зогсоохыг хориглоно.
68.4.Санал хураалтын дүнг дамжуулах үеийн хамгаалалтыг тухайн санал авах байрын хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн ажилтан хариуцна.
68.5.Хэсгийн хороо дараах ажиллагааг гүйцэтгэнэ:
68.5.1.хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудсыг ажиглагч нарт өгч, дүнг танилцуулсан тухай тэмдэглэлд тусгах;
68.5.2.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчийн тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоо, буруу тэмдэглэл хийснээс болон санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүйгээс буцааж хураагдсан саналын хуудасны тоо нь саналаа өгсөн нийт сонгогчийн тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тооцоог эцэслэн гаргах;
68.5.3.санал авахад зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хорооны хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл шалтгааныг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолж, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд хэсгийн хорооны дарга, гишүүд гарын үсэг зурах;
68.5.4.санал авахад зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны баруун доод өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож, битүүмжлэх.
68.6.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнгийн хуудсанд хэсгийн хорооны дарга гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.
68.7.Энэ хуулийн 68.5.3-т заасны дагуу саналын хуудсыг дахин тоолоход саналыг тоолохгүй.
68.8.Хэсгийн хороо дүн дамжуулах, танилцуулах ажиллагааг ил тод нээлттэй явуулна. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.
68.9.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.
68.10.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна:
68.10.1.санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо;
68.10.2.нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо;
68.10.3.санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо.
68.11.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.
68.12.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно.
68.13.Санал хураалтын дүнг санал тоолох төхөөрөмжөөр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол тухайн хэсгийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргана.
68.14.Санал авах байранд ажилласан ажиглагчийн хүсэлтийг үндэслэн саналын хуудасны зурган мэдээллийг өгөх бөгөөд уг ажлыг хэсгийн хороо, мэдээллийн технологийн даамал болон итгэмжлэгдсэн ажилтан хариуцна.
68.15.Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг энэ хуулийн 68.5.2, 68.16, 68.17, 68.18, 68.19, 68.20-д заасны дагуу хийнэ.
68.16.Хэсгийн хороо хяналтын тооллогыг хийхдээ санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас бүрийн нэгдсэн дугаарыг шалгаж, гар аргаар нэг бүрчлэн тоолно.
68.17.Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно.
68.18.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно.
68.19.Хяналтын тооллого хийх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
68.20.Хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгана.