14 дугаар зүйл. Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах
14.1.Шүүхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу зөвхөн хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.
14.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
14.3.Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтооход түүний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, тоог харгалзан үзнэ.
14.4.Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх энэ хуулийн 13.4, 14.3-т заасан шалгуур үзүүлэлтийг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй зөвшилцөн батална.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./