5 дугаар зүйл. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал
5.1.Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.
5.2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.
5.3.Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.
5.4.Шүүх нь Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу нийлүүлэх эд хөрөнгө, зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөрөөс бусад хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцаа авахыг хориглоно.
5.5.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна.
5.6.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.
5.7.Шүүхийн төсөв Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/, Шүүхийн сахилгын хороо /цаашид "Сахилгын хороо" гэх/-ны төсвөөс бүрдэнэ.
5.8.Шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдал болон судалгаа, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байх ба түүний эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
5.9.Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна.
5.10.Шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5.11.Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.