83 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах
83.1.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
83.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
83.1.2.өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
83.1.3.өөрөө хүсэлт гаргасан.
83.2.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр огцруулна:
83.2.1.хуралдааныг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан;
83.2.2.гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
83.2.3.энэ хуулийн 34.3-т заасны дагуу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй байх, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг зөрчсөн, эсхүл шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг задруулсан;
83.2.4.энэ хуулийн 82.1, 82.2-т заасныг ноцтой, эсхүл удаа дараа зөрчиж, тухайн албан тушаалыг эрхлэхэд тохирохгүй нь илэрхий болсон.
83.3.Энэ хуулийн 83.2-т заасан зөрчил гарсан тухай өргөдөл, мэдээллийг Сахилгын хороонд гаргана.
83.4.Сахилгын хороо Ерөнхий зөвлөлийн гишүүний талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Сахилгын хэрэг үүсгэсэн бол тухайн өргөдөл, мэдээллийн үндэслэлийг шалгах хараат бус шинжээч /цаашид "шинжээч" гэх/-ийг Сахилгын хороо томилно.
83.5.Шинжээч томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор өргөдөл, мэдээлэлд дурдсан зөрчлийн талаарх баримт, мэдээллийг цуглуулж, хууль зүйн дүгнэлт гаргах бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
83.6.Шинжээч энэ хуулийн 83.2-т заасан сахилгын зөрчил гарсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол Сахилгын хороо уг дүгнэлтийг эрх бүхий этгээдэд даруй хүргүүлж, Ерөнхий зөвлөлийн гишүүнийг огцруулах эсэх асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:
83.6.1.Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг огцруулах асуудлыг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж, Нийт шүүгчийн чуулганд оролцогчдын олонхын саналаар, нууцаар санал хурааж, шийдвэрлэх;
83.6.2.Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх;
83.6.3.гэмт хэргийн шинжтэй бусад үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх.
83.7.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний энэ хуулийн 82.1, 82.2-т заасныг зөрчсөн үйлдэлд огцруулах шийтгэл оногдуулахааргүй бол зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохируулан хаалттай, эсхүл нээлттэй сануулах шийтгэлийг Ерөнхий зөвлөл оногдуулах бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн гишүүнийг оролцуулахгүй.
83.8.Сахилгын хороо энэ хуулийн 82.1, 82.2-т заасныг зөрчсөн талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хянан шийдвэрлэх журмыг хараат бус, бодитой байх зарчимд нийцүүлэн батална.
83.9.Сахилгын зөрчилд шалгагдаж байгаа Ерөнхий зөвлөлийн гишүүн энэ хуулийн 102.1.1, 102.1.2-т заасан эрх эдэлж, энэ хуулийн 102.2-т заасан үүргийг биелүүлнэ.
83.10.Ерөнхий зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, эсхүл санал өгсөн шийдвэрийн агуулгад үндэслэн огцруулах, бусад сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.