10 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн хороо
10.1.Хүний эрхийн Үндэсний Комиссын /цаашид "Комисс" гэх/ дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо /цаашид "Хороо" гэх/ ажиллана.
10.2.Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хорооны дарга байх бөгөөд Хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
10.3.Хороо үйл ажиллагаагаа бие даан явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.3.1.хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;
10.3.2.гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;
10.3.3.хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, энэ хуулийн 11.8-д заасан эрсдэлийн үнэлгээ хийх;
10.3.4.эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;
10.3.5.энэ хуулийн хэрэгжилт болон хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;
10.3.6.гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх.
10.4.Хороо нь энэ хуулийн 10.2-т заасан даргаас гадна зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд энэ хуулийн 11.4-т заасан хоёр нэр дэвшигчийг шууд, бусад дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжилна.
10.5.Хорооны бүрэлдэхүүнийг томилохдоо жендэрийн тэнцвэртэй байдал болон үндэсний хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчийн олон талт төлөөллийг хангана.
10.6.Хорооны гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.
10.7.Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.
10.8.Хорооны үйл ажиллагааны урсгал зардлыг Комиссын төсөвт тусгах бөгөөд Хорооны гишүүнд урамшуулал олгох журмыг Комисс батална.
10.9.Хорооны ажиллах журмыг Комисс батална.