10 дугаар зүйл. Хоршооны дүрэм, түүний агуулга

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хоршооны дүрэм, түүний агуулга

10.1.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.

10.2.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.

10.3.Хоршооны дүрэмд дараах асуудлыг тусгана:

10.3.1.хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

10.3.2.хоршооны гишүүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний бүртгэлийн дугаар, дундын хоршооны тухайд гишүүн хоршоо, хуулийн этгээдийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3.3.хоршооны зорилго, үйл ажиллагааны чиглэл;

10.3.4.тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон бол үйл ажиллагаа явуулах хугацаа;

10.3.5.хоршоонд элсэх, хоршооноос гарах, хасах нөхцөл, журам, хоршооны гишүүний эрх, үүрэг, хариуцлага;

10.3.6.хоршооны гишүүний оруулах хувь хөрөнгийн хэлбэр, үнэлэх арга;

10.3.7.хоршооны гишүүний заавал оруулах хувь хөрөнгийн хэмжээ, хугацаа;

10.3.8.хоршооны гишүүний заавал оруулах хувиас гадна хоршоонд нэмж оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;

10.3.9.хоршооны гишүүнчлэлийн журам;

10.3.10.хоршооны гишүүнд үйлчлэх хэлбэр;

10.3.11.хоршоо үйл ажиллагаандаа хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;

10.3.12.хоршооны эд хөрөнгө, түүнийг бүртгэх, ашиглах, захиран зарцуулах журам;

10.3.13.хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;

10.3.14.хоршооны гишүүнд ногдох орлого хуваарилах, оруулсан хувь хөрөнгийг буцаан олгох журам;

10.3.15.хоршооны бүтэц, хэлбэр, удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, хүлээх хариуцлага, шийдвэр гаргах журам;

10.3.16.хоршооны үйл ажиллагаанд тавих дотоод болон хөндлөнгийн хяналт;

10.3.17.хоршооны гүйцэтгэх удирдлагад тавих шаардлага;

10.3.18.хоршооны салбар, төлөөлөгчийн газар байгуулах үндэслэл, ажиллах журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;

10.3.19.хоршооны бүх гишүүдийн хурал, хоршооны Тэргүүлэгчид /цаашид "Тэргүүлэгчид" гэх/, хоршооны Хяналтын зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/-ийн хуралдааныг хуралдуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад асуудал;

10.3.20.болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуримтлуулах хөрөнгийн хувь хэмжээ, уг санд заавал байлгах хөрөнгийн хэмжээ;

10.3.21.хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хувь хэмжээ;

10.3.22.хоршоодын холбоонд нэгдэх, холбооноос гарах;

10.3.23.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах, өр төлбөрийг барагдуулах, үлдэгдэл эд хөрөнгийг гишүүдэд хуваах журам;

10.3.24.хоршооноос их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх эрх, уг хэлцлийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах, үр дагаврыг арилгах журам;

10.3.25.хоршооны гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгийг өв залгамжлах, бусдад шилжүүлэх журам;

10.3.26.хоршооны үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.