12 дугаар зүйл. Хоршооны эрх, үүрэг

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хоршооны эрх, үүрэг

12.1.Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа дараах эрх эдэлнэ:

12.1.1.төрөөс хоршоог дэмжих талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, техник, технологи, санхүүгийн дэмжлэг авах;

12.1.2.энэ хууль болон хоршооны дүрэмд нийцүүлэн дотооддоо мөрдөх эрхийн акт батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

12.1.3.хуульд заасны дагуу хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, шилжүүлэх, түрээслэх, түрээслүүлэх, барьцаалах;

12.1.4.хоршооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс зээл, хандив, тусламж авах;

12.1.5.эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох.

12.2.Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа дараах үүрэг хүлээнэ:

12.2.1.хоршооны гишүүний оролцоог үнэлж, хоршин ажиллах боломжийг бий болгох, хоршооны гишүүнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгох;

12.2.2.хоршооны санхүүгийн чадавхыг сайжруулж, хоршооны гишүүнд ногдох орлогын хэмжээг нэмэгдүүлэх;

12.2.3.хоршооны үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх техник, технологийг нэвтрүүлэх, хоршооны эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах;

12.2.4.хоршооны бараа, бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ, үйлчилгээг бий болгох, хоршооны бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний онцлог, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан бусад хоршоо, хуулийн этгээдтэй хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллах;

12.2.5.хоршооллын хөдөлгөөнийг дэмжих;

12.2.6.хуульд заасан бусад үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.