26 дугаар зүйл. Соёлын салбарын түншлэл
26.1.Соёлын салбарын түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүү, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.
26.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбарын бүтээн байгуулалтад болон нийгмийн ач холбогдол бүхий, эсхүл хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулахыг төрөөс дэмжинэ.
26.3.Энэ хуулийн 26.2-т заасан төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.4.Соёлын салбарын зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж болох бөгөөд уг байгууллагад тавих нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт болон холбогдох журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.5.Cоёлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./