3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."соёлын үнэт зүйл" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг;
3.1.2."соёлын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг;
3.1.3."соёлын ажилтан" гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг;
3.1.4.“соёлын бүтээгдэхүүн” гэж соёлын агуулга бүхий эдийн засгийн нэмүү өртөг шингэсэн биет болон биет бус зүйл, контентыг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.5."соёлын үйлчилгээ" гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг;
3.1.6.“соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэж хүний оюун санаа, авьяас, чадвар, бүтээлч сэтгэлгээний үр дүнд технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцыг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.7."уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг" гэж уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын өвийг тайлбарлан таниулсан аливаа бүтээл ба сэтгүүл зүйн бусад төрлийн бүтээлийг;
3.1.8."үндэсний нэвтрүүлэг" гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюсерын аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг.
3.1.9.“соёлын агуулга” гэж соёлын өвөрмөц хэв шинжээс үүдэлтэй буюу түүнийг илэрхийлэх бэлгэдлийн утга санаа, уран сайхны агуулгыг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.10.“контент” гэж үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг тоон болон мультимедиа хэлбэрт хувиргасан агуулгыг. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./