7 дугаар зүйл. Соёлын үйл ажиллагаанд оролцох, соёлын үйл ажиллагаа эрхлэх
7.1.Иргэн хуулиар хориглосноос бусад тохиолдолд соёлын үйлчилгээ, арга хэмжээнд чөлөөтэй оролцож, соёлын үйл ажиллагаа эрхэлнэ.
7.2.Соёлын байгууллагыг өмчийн аль ч хэлбэрт үндэслэн үүсгэн байгуулж болно.
7.3.Соёлын байгууллагыг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу байгуулна.
7.4.Соёлын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээг үүсгэн байгуулагч тогтооно.
7.5.Олон улсын байгууллага Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу салбар, төлөөлөгчийн газар байгуулсны үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт соёлын үйл ажиллагаа эрхэлнэ.
7.6.Соёлын байгууллагыг үйл ажиллагааны чадавх, нөхцөлийг нь харгалзан Үндэсний соёлын байгууллагаар тогтооно. Үндэсний соёлын байгууллагад тооцох шалгуур үзүүлэлт, холбогдох журмыг Засгийн газар батална.
7.7.Үндэсний соёлын байгууллага өөрийн эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр соёлын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэшсэн байгууллага байна.
7.8.Үндэсний соёлын байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу соёлын болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх бөгөөд дэргэдээ судалгааны нэгж, лаборатори ажиллуулж болно.
7.9.Гадаад улсад монголын соёлын төв байгуулах, Монгол Улсад гадаад улсын соёлын төв байгуулах асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэнэ.