18 дугаар зүйл. Хүсэлт гаргах, төсөл бүртгүүлэх
18.1.Кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг буцаан олгохтой холбоотой төсөв, шалгуур, холбогдох мэдээллийг монгол болон гадаад хэлээр бэлтгэн, энэ хуулийн 17.6-д заасан журмын дагуу олон улсад нээлттэй, тогтмол мэдээлнэ.
18.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг буцаан авах нөхцөлтэйгээр хүсэлт /цаашид "хүсэлт" гэх/ гаргах этгээд нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
18.3.Энэ хуулийн 18.2-т заасан этгээдийн гаргасан хүсэлт, хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй, монголын түүхийг илт гуйвуулах болон дайн, түрэмгийлэл, садар самуун, хүчирхийллийг сурталчлах агуулгагүй байна.
18.4.Зөвлөл хүсэлтийг хүлээн авч, төслийг хянана. Хүсэлт, төсөл нь энэ хуулийн 17.6, 18.3-т заасан шаардлага хангаагүй тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
18.5.Зөвлөл шаардлага хангасан хүсэлт, төслийг бүртгэн гэрчилгээ олгоно. Гэрчилгээг хоёроос дөрөв хүртэлх жилийн хугацаатай олгож, кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг буцаан олгох гэрээ байгуулна.
18.6.Гэрээ байгуулсан өдрөөс хойш зарцуулсан зардлыг буцаан олгох зардалд тооцно.
18.7.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд хүсэлт гаргагч этгээд Зөвлөлд нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр гэрчилгээ хүчингүй болж, гэрээ цуцлагдсанд тооцно.