4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."кино" гэж техник технологи ашиглан олон нийтэд түгээх зорилгоор дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой аргаар туурвисан бүтээлийг;
4.1.2."монгол кино" гэж Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь тухайн киноны зохиогч, эрх эзэмшигч, кино продюсер байх, эсхүл Монгол Улсын иргэн ерөнхий найруулагчаар ажилласан киног;
4.1.3."хамтарсан кино" гэж талуудын эрх, үүрэг, санхүүжилтийн асуудал, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон хэлцлийн үндсэн дээр гадаад улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран бүтээсэн киног;
4.1.4."гадаад кино" гэж энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад киног;
4.1.5."кино үйлдвэрлэл" гэж кино бүтээх, түгээхтэй холбоотой цогц үйл ажиллагааг;
4.1.6."кино бүтээх" гэж кино төсөл боловсруулах, кино зохиол бичих, зураг авалт, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх зэрэг кино түгээх хүртэлх бүтээлч үйл ажиллагааг;
4.1.7."зохиогч" гэж Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан этгээдийг;
4.1.8."эрх эзэмшигч" гэж Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т заасан этгээдийг;
4.1.9."кино түгээх" гэж киног техник технологи ашиглан олон нийтэд үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.10."кино продюсер" гэж киног бүтээх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан, уг бүтээлтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.11."кино зуучлагч" гэж Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу киног нийтэд түгээх үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.12."кино үйлдвэрлэлийн дэд бүтэц" гэж кино үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн барилга байгууламж, мэдээллийн сүлжээ, техник, программ хангамж, мэдээллийн санг;
4.1.13."тоон гарын үсэг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.2-т заасныг;
4.1.14."цахим баримт бичиг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.4-т заасныг.