22 дугаар зүйл. Компьютерын программын зохиогчийн эрх

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Компьютерын программын зохиогчийн эрх

22.1.Компьютерын программ зохиогч нь программ зохиосон нэг, эсхүл хэд хэдэн хувь хүн байж болно.

22.2.Тухайн программ нь анх удаа зохиогдсон буюу эх бүтээл бол энэ хуульд заасны дагуу хамгаалагдана.

22.3.Албан үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад зохиосон компьютерын программын хувьд бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ. Захиалгаар зохиосон компьютерын программын хувьд бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол захиалагч эдэлнэ.

22.4.Хууль ёсны ашиглагч нь компьютерын программыг дараах зорилгоор зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нэмэлт төлбөргүйгээр хуулбарлах, орчуулах, өөрчлөх, хувиргах эрхтэй байна:

22.4.1.программыг төхөөрөмж болон бусад хэрэгсэлд суулган ашиглах боломжтой болгох;

22.4.2.программын алдааг засварлах зорилгоор ашиглах;

22.4.3.программ алдагдсан, устгагдсанаас ашиглах боломжгүй болсон тохиолдолд нөөцөлж хадгалсан хувилбарыг ашиглах;

22.4.4.программын бүтэц, үндсэн чиг үүрэг, түүний ажиллах зарчмыг судлах, турших.

22.5.Хууль ёсны ашиглагч нь бие даасан программ зохиох болон бусад программыг хооронд нь нийцүүлэх зорилгоор компьютерын программыг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нэмэлт үнэ төлбөргүйгээр хуулбарлах болон орчуулах эрхтэй байна:

22.5.1.бие даасан программ зохиоход шаардлагатай мэдээллийг ашиглах боломж өмнө нь олгогдоогүй байсан;

22.5.2.бие даасан программ зохиоход шаардлагатай эх программын тодорхой хэсгийг ашиглахад хязгаарлалт тавьсан.

22.6.Энэ хуулийн 22.5-д заасны дагуу авсан мэдээллийг бие даасан программ зохиох болон бусад программыг хооронд нь нийцүүлэхээс бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд задруулах, эх программын үндсэн илэрхийлэлтэй ижил төстэй байдлаар хөгжүүлэх, өөрчлөх, хуулбарлах, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.

Тайлбар-Энэ хуульд заасан "хууль ёсны ашиглагч" гэж энэ хуульд заасны дагуу зохиогчийн эрх эзэмшигчээс компьютерын программ, мэдээллийн санг ашиглах зөвшөөрөл авсан этгээдийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.