4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг;
4.1.2."зохиогчийн эрх эзэмшигч" гэж зохиогч, энэ хуульд заасны дагуу шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг ашиглах онцгой эрхийг эдлэх бусад хувь хүн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.3."бүтээл" гэж шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;
4.1.4."үүсмэл бүтээл" гэж өмнө нь туурвисан бүтээлд тулгуурлаж өөрчлөн найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад хэлбэрээр өөрчлөх бүтээлч үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болгосон бүтээлийг;
4.1.5."хавсарга урлагийн бүтээл" гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний уран сайхны илэрхийллийг;
4.1.6."мэдээллийн сан" гэж компьютерын программаас бусад бүтээл болон мэдээллийг хуульд заасны дагуу цахим, эсхүл бусад сүлжээний орчинд бие даан нэвтрэх боломжтой байдлаар, бүтээлчээр туурвисан системчлэгдсэн эмхэтгэлийг;
4.1.7."компьютерын программ" гэж компьютер болон бусад тооцоолон бодох төхөөрөмж ашиглан тодорхой үр дүн гаргах, үүрэг гүйцэтгүүлэхээр байршуулж, системчлэн зохион байгуулсан зааварчилгааны бүрэлдэхүүн байгууламж бүхий программын хэлээр бичигдсэн кодыг;
4.1.8."хамаарах эрх" гэж тоглогч уран бүтээлч, фонограмм бүтээгч, өргөн нэвтрүүлгийн байгууллагын энэ хуульд заасан эрхийг;
4.1.9."хамаарах эрх эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу хамаарах эрх эдлэх хувь хүн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрээс хамаарах эрхийг шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.10."тоглогч уран бүтээлч" гэж утга зохиолын, урлагийн, ардын урлагийн бүтээлийг дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин, уран уншигч зэрэг бусад хувь хүнийг;
4.1.11."фонограмм бүтээгч" гэж тоглолтын болон бусад дуу авиа бүхий, эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, уг бичлэгийн тухайд эрх эдэлж, үүрэг хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.12."дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер" гэж дуу авиа бүхий дүрст бүтээлийг туурвих үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан, уг бүтээлтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.13."өргөн нэвтрүүлгийн байгууллага" гэж энэ хуулийн 4.1.17-д заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх этгээдийг;
4.1.14."хамаарах эрхийн объект" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, түүний бичлэг, фонограмм болон дамжуулж байгаа өргөн нэвтрүүлгийг;
4.1.15."фонограмм" гэж кино урлагийн, эсхүл бусад дуу авиа бүхий дүрст бүтээлд оруулсан дуу авиа бүхий бичлэгээс бусад тоглолтын болон бусад дуу авиа, эсхүл тэдгээрийн илэрхийллийн бичлэгийг;
4.1.16."дуу авиа бүхий дүрст бүтээл" гэж дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой болон дуу авиа дагалдсан бол сонсох боломжтой аргаар туурвисан бүтээлийг;
4.1.17."өргөн нэвтрүүлэг" гэж бүтээл, тоглолт, эсхүл фонограммыг утасгүй сүлжээгээр болон хиймэл дагуулаар олон нийтэд дамжуулахыг, мөн өргөн нэвтрүүлгийн байгууллага өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгөөр шифр тайлах боломжийг олгож шифрлэсэн дохиог дамжуулахыг;
4.1.18."олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч" гэж утастай, утасгүй болон харилцаа холбооны бусад сүлжээгээр өргөн нэвтрүүлгийг тодорхой хүрээнд хүлээн авах боломжтойгоор байршуулах, нэгэн зэрэг дамжуулах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг;
4.1.19."хуулбарлах" гэж бүтээл, тоглолтын бичлэг, фонограмм, өргөн нэвтрүүлгийг нэг, түүнээс дээш тоогоор шууд болон шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр хувилан олшруулахыг, түр болон байнгын байдлаар цахим хэлбэрт хадгалахыг;
4.1.20."нийтлэх" гэж бүтээл, фонограммын биет хуулбарыг холбогдох эрх эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр хувилан олшруулж худалдаалах, түрээслүүлэх, нийтэд зээлдүүлэх, эсхүл бусад хэлбэрээр өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх замаар нийтэд ашиглах боломж олгохыг;
4.1.21."нийтэд түгээх" гэж бүтээлийн эх хувь, эсхүл түүний хуулбар, тоглолтын бичлэг, эсхүл фонограммын биет хуулбарыг худалдаалах, эсхүл бусад хэлбэрээр тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлэх болон дээрх зорилгоор импортлох зэргээр нийтэд ашиглах боломж олгохыг;
4.1.22."түрээслүүлэх" гэж бүтээлийн эх хувь, эсхүл түүний хуулбар, тоглолтын бичлэг, эсхүл фонограммын биет хуулбарын ашиглах эрхийг тодорхой хугацаагаар ашиг олох зорилгоор бусдад шилжүүлэхийг;
4.1.23."нийтэд тоглох" гэж гэр бүл, ойрын танилын ердийн хүрээнээс гадуур олон нийт цугласан газар дуу авиа бүхий дүрст бүтээлээс бусад бүтээлийг шууд, эсхүл аливаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглан нийтэд зориулан жүжиглэх, дуулах, хөгжимдөх, унших, бүжиглэх зэргээр тоглож үзүүлэх, дуу авиа бүхий дүрст бүтээлийн хувьд дүрсийг үзүүлж дуу авиаг сонсох боломжоор хангах, фонограммын хувьд дуу авианы бичлэгийг сонсох боломжоор хангахыг;
4.1.24."нийтэд дэлгэж үзүүлэх" гэж бүтээлийн эх хувь, эсхүл түүний хуулбарыг шууд буюу телевиз, үзэсгэлэн, дуудлага худалдаа, дэлгэц, эсхүл эдгээртэй ижил төстэй хэлбэрээр нийтэд зориулан үзэх боломжтой байдлаар танилцуулахыг;
4.1.25."нийтийн хүртээл болгох" гэж бүтээлийг нийтэд тоглох, нийтэд дамжуулах, нийтлэх болон бусад хэлбэрээр нийтэд ашиглах боломж олгохыг;
4.1.26."нийтэд дамжуулах" гэж бүтээл, хамаарах эрхийн объектыг утастай, эсхүл утасгүй сүлжээгээр аливаа хэлбэрээр, хэрэглэгчийн өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар нийтэд хүргэхийг;
4.1.27."нэгэн зэрэг дамжуулах" гэж утастай, утасгүй болон харилцаа холбооны бусад сүлжээгээр аль нэг өргөн нэвтрүүлгийн байгууллагын анхлан дамжуулсан өргөн нэвтрүүлгийг бусад этгээд аливаа өөрчлөлтгүйгээр нэгэн зэрэг, бүрэн эхээр нь нийтэд дамжуулахыг;
4.1.28."технологийн хамгаалалтын арга хэмжээ" гэж цахим орчинд бүтээл, хамаарах эрхийн объектыг зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хамгаалах зорилгоор нэвтрэх, хуулбарлах, дамжуулах, нийтэд түгээх боломжийг хязгаарласан, кодолсон, шифрлэлт ашигласан зэрэг хамгаалалтын арга хэмжээг;
4.1.29."эрхийн удирдлагын мэдээлэл" гэж бүтээл, тоглолт, фонограмм, зохиогч, эрх эзэмшигчийн болон бүтээл, тоглолт, фонограммыг ашиглах нөхцөл, журмын мэдээллийг агуулсан тоо, дүрст тэмдэглэл, кодон мэдээллийг;
4.1.30."хамтын удирдлагын байгууллага" гэж Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.3-т заасан хуулийн этгээдийг.
ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛАХ БҮТЭЭЛ, ЗОХИОГЧ, ЗОХИОГЧИЙН ЭРХ ЭЗЭМШИГЧ