52 дугаар зүйл. Цахим болон харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах
52.1.Интернетийн үйлчилгээ түгээгч, агрегатор, цахим хуудас эрхлэгч, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, өргөн нэвтрүүлгийн байгууллага, олон сувгийн дамжуулагч нь өөрийн болон бусад сервер, сүлжээ, санд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.
Тайлбар: Энэ хуульд заасан "агрегатор" гэдэгт контент цуглуулах, нийлүүлэх болон эдгээрийг олон нийтэд санал болгож байгаа этгээдийг ойлгоно.
52.2.Энэ хуулийн 52.1-д заасан этгээд нь зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдсэн даруй тухайн зөрчилтэй бүтээл, хамаарах эрхийн объект ашиглалтыг зогсоох, хаах үүрэг хүлээнэ.
52.3.Энэ хуулийн 52.1, 52.2-т заасан үүргээ биелүүлээгүй этгээдэд оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.
52.4.Оюуны өмчийн улсын байцаагч нь зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар яаралтай арга хэмжээ авах зорилгоор зөрчилтэй үйлдлийг зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зогсоох, эсхүл үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн зогсоох арга хэмжээг нэн даруй авах эрхтэй.
52.5.Энэ хуулийн 52.1, 52.2-т заасны дагуу зөрчилтэй бүтээл, хамаарах эрхийн объект ашиглахыг зогсоосон, хаасантай холбоотой маргааныг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
52.6.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүтээл ашиглах этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа бол зохиогчийн эрхийн зөрчлийг арилгах арга хэмжээ авхуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэй.