4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."тохиолдол" гэж тухайн өвчний батлагдсан болон сэжигтэй, магадлалтай тохиолдол бүрийг;
4.1.2."халдвар" гэж халдварт өвчин үүсгэгч хүн, амьтны биед нэвтрэн орж, өсөж үржихийг;
4.1.3."хөл хорио" гэж тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэсэн арга хэмжээг;
4.1.4."тусгаарлах" гэж халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн, халдвараар бохирлогдсон сэжигтэй гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг тусгаарлахыг;
4.1.5."ажиглах" гэж халдвар дамжих аюулыг тодорхойлох зорилгоор тодорхой хугацааны туршид хүний эрүүл мэндийн байдлыг хянах үйл ажиллагааг;
4.1.6."халдварлагдсан" гэж хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах халдвар тээгч хүн болон халдвараар нас барсан хүний цогцос, халдвар үүсгэгчээр бохирдсон эд хэрэглэл, гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг;
4.1.7."халдваргүйжүүлэлт" гэж хүний болон амьтны биеийн гадаргуу дээр, эсхүл гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийн дотор болон гадна хэсэгт байгаа халдвар үүсгэгчийг физик болон химийн аргаар устгах, эсхүл тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг;
4.1.8."халдварын сэжигтэй" гэж хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулж болох эрсдэлд өртсөн буюу өртсөн байх магадлалтай, өвчин тараах эх үүсвэр байж болзошгүй хүн, гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг.
4.1.9."цахим худалдаа" гэж цахим сүлжээ ашиглан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, хэлцэл хийх, төлбөр төлөх, хүргэж өгөх, хүлээж авах үйл ажиллагааг.
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./