7 дугаар зүйл. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

7.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.2.цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх; /Энэ заалтад 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.3.эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хүүгийн татаасаар Төв банканд дэмжлэг үзүүлэх;

7.1.4.цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл, техник, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сургалт, сэтгэл зүйн туслалцаа болон бусад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зардлыг шийдвэрлэх;

7.1.5.цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх;

7.1.6.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, уг үйл ажиллагаанд төрийн бусад байгууллагыг татан оролцуулах журмыг Улсын онцгой комиссын санал болгосноор батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.7.нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах;

7.1.8.өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын болон дотуур байрын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.9.бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд цахим, эсхүл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулах;

7.1.10.шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг биечлэн хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох;

7.1.11.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн зөв, бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай, хүртээмжтэй хангах;

7.1.12.цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, сайжруулсан түлш, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.13.төрөлжсөн асрамжийн газар, түүнчлэн эрүүлжүүлэх, баривчлах, цагдан хорих байр, хорих ангид байгаа болон бусад хэлбэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;

7.1.14.цар тахлаас хамааралгүйгээр хийгдэж байгаа бүтээгдэхүүний экспортыг хориглохгүй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, урвалж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, иргэдийн хамгаалах хэрэгсэл, хүнсний болон бусад шаардлагатай барааг улсын хилээр гаргахыг хориглох асуудлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.15.цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой 3 сараас доошгүй хугацааны зардлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.16.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд ажлын тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;

7.1.17.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.18.цар тахлын үед өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтын арга хэмжээг авах;

7.1.19.улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх;

7.1.20.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.21.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, хуульд заасан аргаар таслан зогсоох;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.22.цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

7.1.23.цар тахлын үед хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.24.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох зардлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.25.үр тарианы болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац тасалдахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

7.1.26.экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавих.

7.1.27.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөх;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.28.цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.29.төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.30.шуудангийн үйлчилгээг цар тахлын үед тасралтгүй зохион байгуулах, хот доторх болон хот хоорондын бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлэх, цахим худалдааны цар хүрээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.31.цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.32.цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.33.хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулшгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээг авах;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.34.цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, цэвэр ус, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.35.цар тахлын үед амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

7.4.Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна.

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.5.Энэ хуулийн 7.4-т заасан Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг батална.

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.6.Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны санал болгосноор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны даргыг томилж, чөлөөлнө. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.