3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ПАТЕНТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."албан ёсны тогтмол хэвлэл" гэж Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.4-т заасныг;

3.1.2."анхдагч огноо" гэж энэ хуульд заасан шаардлагыг хангасан патентын мэдүүлгийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авсан он, сар, өдрийг;

3.1.3."ашигтай загвар" гэж багаж, хэрэгсэл, түүнтэй адилтгах бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд хамаарах техникийн шийдлийг;

3.1.4."бүтээгдэхүүний загвар" гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг;

3.1.5."бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал" гэж Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай 1968 оны Локарногийн хэлэлцээрээр баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Бүтээгдэхүүний загварын олон улсын ангиллыг;

3.1.6."Гаагийн хэлэлцээр" гэж 1999 онд баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн тухай Гаагийн хэлэлцээрийн Женевийн акт болон түүнийг дагаж гарсан дүрэм, журам, зааврыг;

3.1.7."давамгайлах огноо" гэж патентын мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг улсад гаргасан, Парисын конвенцын 4 дүгээр зүйлд заасан хугацаагаар тооцогдох нэг, эсхүл түүнээс дээш патентын мэдүүлгийн он, сар, өдрийг;

3.1.8."зохион бүтээгч" гэж шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар зохион бүтээсэн хувь хүнийг;

3.1.9."олон улсын мэдүүлэг" гэж Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бүтээл, ашигтай загварын патентын олон улсын мэдүүлгийг, эсхүл Гаагийн хэлэлцээрийн дагуу гаргасан бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн мэдүүлгийг;

3.1.10."Парисын конвенц" гэж 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр баталж, нэмэлт, өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцыг;

3.1.11."патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг;

3.1.12."патентын мэдүүлэг" гэж иргэн, хуулийн этгээдээс энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, өргөдөл болон холбогдох бусад баримт бичгийн бүрдлийг;

3.1.13."патентын олон улсын ангилал" гэж 1971 оны Патентын олон улсын ангиллын тухай Страсбургийн хэлэлцээрээр баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Патентын олон улсын ангиллыг;

3.1.14."Патентын хамтын ажиллагааны гэрээ" гэж 1970 онд баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Патентын хамтын ажиллагааны гэрээ болон түүнийг дагаж гарсан дүрэм, журам, зааврыг;

3.1.15."патент эзэмшигч" гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг;

3.1.16."шинжээч" гэж Оюуны өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хүнийг;

3.1.17."шинэ бүтээл" гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэх арга, ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг.

3.1.18.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАРЫН ХАМГААЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.