16 дугаар зүйл. Мэдээллийн эзний эрх

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Мэдээллийн эзний эрх

16.1.Мэдээллийн эзэн дараах эрхтэй:

16.1.1.мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл хариуцагчид өгөх, өгөхөөс татгалзах;

16.1.2.өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх;

16.1.3.энэ хуулийн 8.2-т заасан мэдээллийг мэдэх;

16.1.4.мэдээллийн эзэнд хамааралтай мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, эсхүл дамжуулахаар бол тухайн гуравдагч этгээдийн талаар мэдэх;

16.1.5.алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;

16.1.6.хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж устгуулах;

16.1.7.мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цуглуулахыг хориглосон, устгахаар заасан бол хэрэгжүүлэхийг шаардах;

16.1.8.өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авах;

16.1.9.энэ хуулийн 16.1.8-д заасан мэдээллийн хуулбарыг өөрийн сонгосон мэдээлэл хариуцагчид дамжуулах;

16.1.10.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад цуцлах хүсэлт гаргах, энэ тухайгаа мэдээлэл хариуцагчид бичгээр мэдэгдэх;

16.1.11.мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах.

16.2.Мэдээллийн эзэн энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.