24 дугаар зүйл. Мэдээлэл хамгаалах талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх
24.1.Хүний эрхийн Үндэсний Комисс мэдээлэл хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах, энэ талаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, холбогдох журамд санал өгөх;
24.1.2.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсхүл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх, эсхүл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх;
24.1.3.хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж өгөх;
24.1.4.мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад илэрсэн зөрчил, түүний сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний талаар ирүүлсэн бүртгэлийг хүлээн авч хянан, цаашид анхаарах зүйлийн талаар зөвлөмж өгөх;
24.1.5.мэдээлэл хариуцагчийн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж өгөх;
24.1.6.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа, гарсан зөрчил, мэдээллийн эзний эрхийн хэрэгжилтийн талаар тусгах.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний Комиссын нэг гишүүн тусгайлан хариуцна.