27 дугаар зүйл. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем

27.1.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж нь технологийн тусламжтайгаар дууны, дүрсний, дуу-дүрсний мэдээлэл цуглуулах, дамжуулах, хадгалах боломж бүхий суурин болон хөдөлгөөнт техник хэрэгслээс бүрдэнэ.

27.2.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем нь энэ хуулийн 27.1-д заасан төхөөрөмж, мэдээлэл дамжуулах сүлжээ, хадгалах төхөөрөмж, программ хангамжаас бүрдэнэ.

27.3.Хуульд өөрөөр заагаагүй бол дараах зорилгоор дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж болно:

27.3.1.нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах;

27.3.2.ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах;

27.3.3.замын хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх.

27.4.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 27.3-т заасны дагуу дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг хориглоно:

27.4.1.ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;

27.4.2.нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;

27.4.3.нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах;

27.4.4.дүрсний бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрсний бичлэгийг үзүүлэх, хуулбарлаж өгөх.

27.5.Энэ хуулийн 27.3.1, 27.4.1, 27.4.2-т заасан газар дууны, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.

27.6.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийн талаарх анхааруулгыг иргэн саадгүй харах боломжтойгоор байршуулна.

27.7.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

27.8.Хүний эрхийн Үндэсний Комисс энэ хуулийн 27.3, 27.4-т заасан үйл ажиллагаа, бусад хуулийн хүрээнд ашиглаж байгаа дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж болно.

27.9.Хуульд заасан журмын дагуу мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах, хадгалагдсан бичлэгийг үзүүлэх, сонсгох, хуулбарлаж өгч болно.

27.10.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем нь мэдээлэлд хандах эрхгүй этгээд хандахаас урьдчилан сэргийлэх техникийн болон үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байна.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.