6 дугаар зүйл. Төрийн байгууллага мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
6.1.Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээлэл цуглуулж, боловсруулна:
6.1.1.мэдээллийн эзний зөвшөөрлөөр;
6.1.2.хуульд заасан үндэслэлээр;
6.1.3.хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх;
6.1.4.гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах;
6.1.5.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
6.1.6.мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх.
6.2.Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээллийг ашиглана:
6.2.1.мэдээллийн эзний зөвшөөрлөөр;
6.2.2.хуульд заасан үндэслэлээр;
6.2.3.мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
6.2.4.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;
6.2.5.хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх.
6.3.Төрийн байгууллага хүнийг тодорхойлох боломжгүй болгож мэдээллийн эзний мэдээллийг нээлттэй өгөгдөл болгохдоо Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтална.