18 дугаар зүйл. Монгол ажилтныг дэмжих

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Монгол ажилтныг дэмжих

18.1.Хүлээн авагч улсад суугаа хөдөлмөрийн атташегийн тусгай орон тоо бүхий Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр дараах үүрэгтэй:

18.1.1.хүлээн авагч улсын соёл, ёс заншил, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ авахтай холбогдох асуудлаар мэдээлэл түгээх;

18.1.2.хүлээн авагч улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шаардлагатай тохиолдолд хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангуулах, холбогдох байгууллагад хандах;

18.1.3.хүлээн авагч улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаар судалж танилцуулга бэлтгэх, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;

18.1.4.гадаад ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ зөрчигдсөн тохиолдолд ажилтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;

18.1.5.тухайн улсад албан бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний тоог бууруулах, албан ёсны зөвшөөрөл олгуулах чиглэлээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

18.1.6.хүлээн авагч улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний талаар бүртгэл, мэдээллийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр хүргүүлэх;

18.1.7.Монгол Улсын иргэний эх орондоо буцан ирж хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн улсад зохион байгуулах.

18.2.Гадаад улсад байгаа монгол иргэдийн холбоо, сан, төрийн бус байгууллагатай энэ хуулийн 18.1.1, 18.1.2, 18.1.4, 18.1.7-д заасан үүргийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.