21 дугаар зүйл. Гадаад ажилтны ажлын байрны төрөл, ангилал

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21.1.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны ажлын байр удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

21.2.Удирдах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:

21.2.1.гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгч;

21.2.2.аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал;

21.2.3.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан.

21.3.Гүйцэтгэх албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:

21.3.1.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан;

21.3.2.Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн;

21.3.3.Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн;

21.3.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн;

21.3.5.хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтан;

21.3.6.бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, бүх шатны боловсролын байгууллагад ажиллах багш;

21.3.7.соёл, спортын байгууллагад ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, мэргэжилтэн.

21.4.Туслах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:

21.4.1.ур чадвар бүхий мэргэшсэн техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэнийг нотлох тухайн улсын эрх бүхий байгууллагын, эсхүл Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан;

21.4.2.Монгол Улсад зургаан сар хүртэл хугацаагаар ажиллах улирлын ажилтан.

21.5.Энэ хуулийн 21.3.3-т заасан нарийн мэргэшлийн ажлын байрны жагсаалтыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хоёр жил тутамд 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.