26 дугаар зүйл. Ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцлах
26.1.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцална:
26.1.1.зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль бус болохыг эрх бүхий байгууллага тогтоосон бол;
26.1.2.тухайн ажлыг гүйцэтгэхэд зохих мэргэжил, ур чадварын шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь тогтоогдсон бол;
26.1.3.гадаад ажилтныг хилээр орж ирэхээс өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын горим зэрэг гэрээний нөхцөлийг хангаагүй нь тогтоогдсон бол;
26.1.4.ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомж болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож гадаад ажилтнаар Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй болсон бол;
26.1.5.гадаад ажилтныг хөдөлмөрт бэлтгэх сургалт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй, гадаад ажилтны хувийн баримт бичиг, цалин хөлсийг барьцаалсан бол;
26.1.6.гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл авснаас өөр зорилго, байршилд ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол.