15 дугаар зүйл. Хэмнэлтийн бусад арга хэмжээ

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хэмнэлтийн бусад арга хэмжээ

15.1.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно:

15.1.1.Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэргүйгээр шинээр хараат болон охин компани байгуулах;

15.1.2.чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох;

15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох;

15.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх;

15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах;

15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх;

15.1.7.байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах.

15.1.8.байгууллагын төсвөөр биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах. /Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.2.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд дараах арга хэмжээг авч ажиллана:

15.2.1.байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг хэмнэх;

15.2.2.нэгдсэн халаалтын системд холбогдсон барилга байгууламжийг хэмнэлтийн горимд тохируулах, тоолуур ашиглах;

15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.2.4.цахим гарын үсэг, цахим шуудан ашиглах зэргээр албан бичиг боловсруулах, илгээх үйл явцыг хялбаршуулж бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хор, шуудан хүргэлтийн зардлыг хэмнэх; /Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.2.5.хуваарьт болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг жилийн төсөвтөө бүрэн тусгаж өр төлбөр барагдуулах төлөвлөгөө, хуваарь баталж хэрэгжүүлэх;

15.2.6.байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох.

15.2.7.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг амралт, сувилал, жуулчны баазад зохион байгуулахгүй байх, шаардлагатай бол хот суурин газарт зориулалтын хурлын танхимд, эсхүл цахимаар зохион байгуулах зэргээр түрээс, шатахуун, албан томилолтын зардлыг хэмнэх. /Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.3.Энэ хуулийн 15.1.4, 15.1.8-д заасан арга хэмжээ нь байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай шууд холбоотой бол тэдгээр арга хэмжээг хэмнэлтийн горимд хамааруулахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.4.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хооронд байгуулах гэрээ нь нэг жилийн хугацаатай байна. Гэрээнд заасан санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гүйцэтгэх захирлын гэрээг үндсэн гэрээний хугацаагаар сунгаж болно.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.