1.3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

1.Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/-тэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.

2.Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна.

3.Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

4.Энэ хууль доор дурдсан харилцаанд үйлчлэхгүй:

4.1.Монгол Улсын иргэнд газар өмчлөх эрх олгох;

4.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд цагаачлан оршин суух зөвшөөрөл олгох, гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгох буюу Монгол Улсын виз олгох, Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгох, олгосон виз, визийн зөвшөөрөл, зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

4.3.хурал, цуглаан, жагсаал, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулах;

4.4.патент, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн болон газар зүйн заалт, барааны тэмдэг эзэмшигчийн эрх олгох;

4.5.Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байгуулах;

4.6.сүм, хийд буюу шашны байгууллага байгуулах;

4.7.холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдээс бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох;

4.8.хуульд Монгол Улсын Их Хурлаас олгохоор заасан зөвшөөрөл.

4.9.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Хүн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр төрийн байгууллага, албан тушаалтан, бусад эрх бүхий этгээдээс дүгнэлт, батламж, тодорхойлолт гаргуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй.

6.Энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллага хооронд зөвшөөрөл авах, олгох харилцаанд энэ хууль хамаарахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.