1.5 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.5 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ

1.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална:

1.1.үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах;

1.2.хууль дээдлэх;

1.3.ил тод, шударга байх;

1.4.бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;

1.5.хуульд зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардахгүй байх;

1.6.энэ хуульд заасан зөвшөөрөл олгох.

2.Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тухайн зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.

3.Хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглоно.

4.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцна.

5.Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно.

6.Хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын тогтоосон хувь, хэмжээнд багтаан эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгоно.

7.Хуульд өөрөөр заагаагүй бол нэг зөвшөөрлийг нэг хүн, эсхүл нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.

8.Хуульд заасан тохиолдолд тухайн зөвшөөрлийг хуулийн этгээдэд, эсхүл тодорхой төрөл, хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд, эсхүл Монгол Улсын иргэнд олгоно.

9.Хуульд заасан тохиолдолд зарим төрлийн зөвшөөрлийг зөвшөөрөл эзэмшигчид олгоно.

10.Хуульд заасан тохиолдолд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болно.

11.Эрх бүхий этгээд уялдаа холбоо бүхий зарим төрлийн зөвшөөрлийн олгох, сунгах үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж болно.

12.Зөвшөөрөл эзэмшиж байгаатай нь холбогдуулан зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой эрхийн хязгаарлалтыг хуулиар тогтооно.

13.Хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны чиглэлийг тодотгосон үг, тэмдэглэгээ хэрэглэх бөгөөд тухайн үг, тэмдэглэгээг тухайн үйл ажиллагааг эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар бусад этгээд ашиглах, хэрэглэхийг хориглоно.

14.Зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зарчмыг баримтлан олон улсын жишиг, стандартыг харгалзана.

15.Энэ зүйлийн 14-т заасан судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын баталсан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

16.Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно.

17.Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно.

18.Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

19.Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно.

20.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗӨВШӨӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.