7.1 дугаар зүйл. Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.1 дугаар зүйл. Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

1.Энэ хуульд заасан зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явц болон зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид “зөвшөөрлийн нэгдсэн сан” гэх/-тай байх бөгөөд уг сан нь цахим хэлбэртэй байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Энэ зүйлийн 1-д заасан зөвшөөрлийн нэгдсэн санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

3.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан явцын мэдээлэл, шийдвэрийг энэ хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 3-т заасан явцын мэдээлэл, шийдвэрийг зөвшөөрлийн нэгдсэн санд байршуулж, нийтэд мэдээлэх арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална.

6.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 1-д заасан явцын мэдээлэл, шийдвэрийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.3-т заасан асуудлыг мэдээлэл технологийн дэвшилтэт аргыг ашиглан хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.