ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 6 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйл2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу олгосон паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд уг хугацааг сунгахгүй.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй паркийн удирдлага нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах бөгөөд тус хуулийн дагуу шаардах аливаа мэдээллийг энэ зүйлд заасан хугацаанд багтаан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
- 3 дугаар зүйлҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус хуульд зөвшөөрсөн хуулийн этгээдийн хэлбэрээс бусад хуулийн этгээдийн хэлбэрээр өмнө нь паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцох бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийг энэ хуульд нийцүүлж өөрчлөн зохион байгуулж шинээр тусгай зөвшөөрөл авна.
- 4 дугаар зүйлҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө паркийн үйл ажиллагаатай холбоотойгоор төлсөн татвар, хураамж нь уг хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй.
- 5 дугаар зүйлҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг эшилсэн холбогдох заалтуудыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.